Нийслэлийн 2027 оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө

Зураг (Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө): Chongkian / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

2027 оны Нийслэлийн төсвийн төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа. Төслийг 12 дугаар сарын 5-ны дотор батлах хуулиар тогтоосон хугацаатай бөгөөд одоо НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байна. Төсвийн төсөлд орлого 4.6 их наяд, зарлага 4.8 их наяд төгрөг тусгагджээ.

Орлогын эх үүсвэрээс ААН-ийн орлогын албан татвар 1.4 их наяд, авто тээврийн хэрэгслийн албан татвар 153.2 тэрбум, хотын албан татвар 38.6 тэрбум, авто зам ашигласны төлбөр 110 тэрбум, хүүгийн орлого 121.3 тэрбум, торгуулийн орлого 188 тэрбум төгрөг байхаар тооцжээ. 2026 оны төлөвлөгөөтэй харьцуулбал авто тээврийн хэрэгслийн албан татвар 134.9 тэрбумаас 153.2 тэрбум болж нэмэгдсэн, авто зам ашигласны төлбөр 105 гаруй тэрбумаас 110 тэрбум болсон бол торгуулийн орлого 196.8 тэрбумаас 188 тэрбум болж буурсан.

Зарлагын хэсэгт Нийслэлийн Засаг дарга 4.8 их наяд төгрөгийг захиран зарцуулна. Урсгал зардлын дээд хэмжээ 1.8 их наяд төгрөг. Тусгагдсан зардлаас өвөлжилтийн бэлтгэлд 400 тэрбум, газар чөлөөлөх нөхөн төлбөрт 200 тэрбум, хот нийтийн тохижилт, үйлчилгээнд 83 тэрбум, шахмал түлш худалдан борлуулах ажилд 76.8 тэрбум, нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум, авто замын цэвэрлэгээ, арчлалтад 12 тэрбум төгрөг байна.

Үндэсний их баяр наадамд 10 тэрбум, Адууны өдөрт 4.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2026 оны наадамд 5 тэрбум төгрөг зарцуулахаар байжээ. Хөрөнгө оруулалтын хувьд 2027 онд 292 төсөл, арга хэмжээнд 1.5 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гол чиглэл нь авто зам, нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээ, гэр хорооллын дахин төлөвлөлт бөгөөд боловсрол, эрүүл мэндийн шинэ барилгуудын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмсэн байна.

НИТХ-ын дарга 82.3 тэрбум төгрөгийг захиран зарцуулах бөгөөд үүнээс урсгал зардал 14.3 тэрбум төгрөг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд 68 тэрбум төгрөг хуваарилахаар төсөлд тусгажээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen