ГХЯ: Өндөр цалинтай ажлын нэрээр ОХУ-д очсон Монгол иргэн цэргийн тусгай ажиллагаанд дайчлагджээ

Засгийн газрын ордон

Зураг (жишээ зураг, Засгийн газрын ордон): Alexkom000 / Wikimedia Commons, CC BY 4.0

Гадаад харилцааны яам нэгэн Монгол иргэн өндөр цалинтай ажил хийхээр ОХУ-д очоод цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан гэх асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус иргэний ар гэрийнхэн нийгмийн сүлжээнд бичлэг нийтэлсэн байна.

Ар гэрийнхэн бичлэг нийтлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногт яаманд албан хүсэлт гаргаж байжээ. Яам Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны тусламжтайгаар иргэний мэдээллийг ОХУ-ын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Иргэн хэлний бэрхшээлээс болж гэрээнд санамсаргүй, болгоомжгүй гарын үсэг зурсан гэж үзэж байгаа аж. Яам гэрээг цуцлуулах хүсэлт тавьж, иргэнийг нутагт нь буцаах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд ар гэртэй нь тогтмол холбоотой ажиллаж байгаа гэжээ.

Өндөр цалинтай ажлын нэрээр залилан мэхэлж, цэргийн ажиллагаанд татах асуудал өмнө нь хэд хэдэн удаа нийгмийн сүлжээгээр гарч байсан. Гадаад харилцааны яам арваннэгдүгээр сарын 2-ны өдөр холбогдох байгууллагуудын сүлжээний хуудсаар албан ёсны сэрэмжлүүлэг гаргасан юм. Иргэд Facebook-ээс өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажлын зар олж бүртгүүлээд ОХУ руу хил давдаг. Гэтэл бодит байдалд ОХУ-ын зарим хуулийн этгээд, хувь хүн залилан мэхэлж, иргэдийг цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна.

Яам ийм тохиолдол дахин давтагдаж болзошгүйг анхааруулжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen