Нийслэлд энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээлэл өнгөрсөн оноос 10 хувиар буурчээ

Улаанбаатарын цагдаа

Зураг (жишээ зураг, Улаанбаатарын морин цагдаа): Orionis / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга О.Нямдаваа энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн статистик, цаашдын чиглэлийг танилцууллаа. Тэрээр энэ онд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээлэл өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан гэж мэдээлэв.

Гэмт хэргийн төрлөөр нь авч үзвэл хулгайн гэмт хэрэг 33 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл 53 хувиар, залилах гэмт хэрэг 16.2 хувиар, дээрмийн гэмт хэрэг 6.7 хувиар буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгдсэн бөгөөд хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хамгийн өндөр байна.

Иргэдийн оролцоотой хэрэгжүүлж буй хөтөлбөрт олон нийтийн цагдаа, хүүхэд хамгааллын цагдаа, оюутан цагдаа, голын усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүл багтдаг. Эдгээр арга хэмжээгээр 4,300 орчим зөрчлийг илрүүлж таслан зогсоож, төөрсөн 34 хүүхдийг гэр бүлд нь хүлээлгэн өгч, 14,000 орчим гадаадын иргэнд тусламж үзүүлжээ.

Цаашид олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг өргөжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгахад шинэ технологи, ухаалаг программ хангамж ашиглахаар төлөвлөжээ. Мөн сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen