Орон сууцны залилан: 2,208 иргэн 173 тэрбум төгрөгийн хохирол амссан, нэг байрыг 65 хүнд зарсан тохиолдол бий

Ярмагийн шинэ барилгууд

Зураг (Улаанбаатар, Ярмаг орчмын шинэ барилгууд): Chinneeb / Wikimedia Commons, CC BY 4.0

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэгт 173 тэрбум төгрөгийн хохиролтой 2,208 иргэний хэрэг бүртгэгдсэн гэж Цагдаагийн Ерөнхий Газар мэдээллээ.

Дэд ажлын хэсэг энэ оны долдугаар сард байгуулагдан ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий Газар нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилах гэмт хэргийг анхааруулж, нэгэн тохиолдлыг танилцуулав.

Иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд тасралтгүй 10 жил хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөнөөсөө «Э» компанитай гэрээ байгуулан урьдчилгаа болгож 50 орчим сая төгрөг шилжүүлжээ. Байр зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орно гэсэн саналд итгэж захиалга өгсөн байна. Гэтэл захиалсан байрандаа орох гэхэд тухайн байрыг түүнээс гадна нийт 65 иргэнд давхардуулан зарсан нь тодорхой болж, цагдаагийн байгууллагад хандсан байна.

Цагдаагийн Ерөнхий Газар иргэдэд орон сууц худалдан авахдаа дараах зөвлөмжийг өгчээ. Үүнд opendatalab.mn, egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем mcis.gov.mn зэрэг цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгах, байрны гэрээг нотариатаар баталгаажуулах, үйл ажиллагаа явуулж буй компанийн тогтвортой байдлыг судлах, худалдан авсан орон сууцыг өөр хүн захиалсан эсэх, гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулгаж нягтлах зэрэг багтсан.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen