«Тэрбум мод»: Энэ онд тарихаар төлөвлөсөн 50 сая модны 35.2 саяыг нь тарьжээ
Зураг (жишээ): Мод тарихаар нүх бэлтгэж буй сайн дурынхан. National Park Service / Wikimedia Commons, Public domain
Энэ намар мод тарих ажил ид өрнөж байна. Энэ онд улсын хэмжээнд 50 сая мод тарихаар төлөвлөснөөс одоогоор 35.2 саяыг нь тарьчихаад байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөний 70 орчим хувь биелжээ.
«Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 31 хүртэл «Алтан намар – Мод тарих улирал» нөлөөллийн ажил улс даяар явагдаж байгаа. Үлдсэн 15 сая орчим модыг тарихад гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Хөдөлгөөн эхэлснээс хойш юу өөрчлөгдөв?
Хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулжээ. Үүний үр дүнд Монгол орны ойн бүрхэвч 7.9 хувиас 8.71 хувь болж нэмэгдсэн байна.
Мод үржүүлгийн газрууд одоогоор 1,267–1,780 га талбайд ажиллаж байна. Тэд навчит, шилмүүст 57 зүйлийн модны 113.8 сая тарьц, суулгац бэлтгэж, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлжээ.
Хүний нөөц ч нэмэгдсэн
Мод тарихаас гадна түүнийг арчлах мэргэжилтэн чухал. Ойн салбарт 1,264 инженер, 6,354 ойжуулагч, техникч бэлтгэжээ. Түймэрт өртсөн болон доройтсон ойн талбайг нөхөн сэргээх ажлыг ч эрчимжүүлж байгаа аж.
Тарих нь эхлэл, ургуулах нь гол
«Тэрбум мод»-ыг олон нийт ихэвчлэн тарьсан модны тоогоор хэмждэг. Гэвч хуурай уур амьсгалтай манай оронд тарьсан мод ургаж үлдэх эсэх нь арчилгаа, усалгаа, хамгаалалтаас шууд хамаардаг. Хөдөлгөөний зорилго ч зөвхөн мод тарих бус, ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулах явдал юм.
Тиймээс энэ намар мод тарьж байгаа айл, байгууллагууд дараа жилийн хавар, зун тарьцаа усалж, хашиж хамгаалахаа мартахгүй байх нь чухал. Цаашид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэж холбогдох албаныхан мэдээлэв.
