Хулгайн утсуудыг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Энэ оны есдүгээр сард 4 удаагийн үйлдлээр гэмт хэргийн замаар алдагдсан 42 ширхэг гар утсыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоосон байна.

Нэр бүхий бүлэг этгээдүүдээс эд мөрийн баримтаар хураагдсан эдгээр гар утасны 22 нь халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн алдсан утаснууд болохыг тогтоож хохирогчоор мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайлбал, Улаанбаатар-Улаан Үд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Alphard  маркийн автомашины жолооч З нь Iphone, Samsung загварын 10 ширхэг гар утас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор шөнийн 01 цагт нэвтрүүлэх үед нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж, эд мөрийн баримтаар хураан авч,  шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба одоогоор 4 утасны хохирогчийг олж тогтоон мэдүүлэг авчээ. 

Жолооч З нь тээвэрлэн авч яваа зорчигчдод 1-2 гар утас тараан өгч, Монгол улсын гаалийн хяналтаар нэвтрүүлсний дараа цуглуулж авдаг байна. Түүнчлэн iphone загварын гар утасны ID lock, дэлгэцийн нэвтрэх кодыг тайлсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор хулгайн гар утас улсын хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн, шуурхай таслан зогсоожээ 

Тодруулбал, Улаанбаатар Улан-Удэ чиглэлд автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэн Ц нь энэ оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хулгайн 8 гар утсыг /I phone загварын 4, Samsung загварын 4/ Алтанбулаг боомт дээр хил нэвтрүүлэх гэж байх үед нь саатуулж, эд мөрийн баримтаар хураан авч мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.                         

Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн гар утас худалдан авахдаа “102 police” аппликейшнээс “Имей” кодоор нь дамжуулан цагдаагийн байгууллагад алдагдсан, гээгдсэн эсэх бүртгэлтэйг лавлах боломжтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen