Цар тахлын нөлөөгөөр хавдрын өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа
2022/10/31
Швейцарын Женев хотод Хавдрын дэлхийн их хурал зохион байгуулагджээ. Женевд төвтэй Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас уг хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаад дэлхийн 120 орны 2,000 гаруй төлөөлөгчийг оролцуулсан байна.
Хавдрын дэлхийн их хуралд Монгол Улсыг төлөөлөн Хавдрын үндэсний зөвлөлийн үүсгэн байгуулагч, доктор Б.Цэцэгсайхан оролцоод ирсэн. Хурлаар хавдрын асуудлаар дэлхийн хэмжээнд тулгамдаж буй нөхцөл байдал, ковидын дараах өвчлөлийн төлөв зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд цар тахлын нөлөөгөөр хавдрын өвчлөл олон улсын хэмжээнд цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон байна. Тус хурлаар олон улсын хэмжээнд 2030 он гэхэд устгах зорилт тавиад буй умайн хүзүүний хорт хавдрын асуудлыг онцлон хэлэлцжээ.
Манай орны хувьд умайн хүзүүний хавдрын өвчлөлөөр бүс нутагтаа тэргүүлж байгаа юм. Улс орнууд уг хавдрын эрт илрүүлэгт бидний хэрэглэж заншсан “ПАП шинжилгээ”-нээс татгалзаж, Хүний Папиллома Вирусийг/ХПВ/ илрүүлэх шинжилгээ рүү шилжин, хавдраас сэргийлэх ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлж байна хэмээн Хавдар Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.