2030 он гэхэд төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулна
![]()
Зураг (Улаанбаатар хотын төв): Worldeditor209 / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Засгийн газар «Төрийн өмчит компанийн өмчлөлийн бодлого»-ыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Бодлого нь төрөөс компани өмчлөх зорилго, төр оролцох үндэслэл, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зарчмыг тодорхойлж, төрийн өмчийн үнэ цэнэ, өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Бодлого 2027-2030 онд гурван үе шаттай хэрэгжинэ. Төрийн өмчит болон төрийн оролцоотой нийт 101 аж ахуйн нэгжээс 47-г нь арилжааны, 54-г нь нийтийн үйлчилгээний компани гэж ангилна.
2030 он гэхэд давхардсан чиг үүрэгтэй, үр ашиг муутай компаниудыг өөрчлөн байгуулах, нэгтгэх, татан буулгах замаар төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар төлөвлөжээ.
Төрийн оролцоог бууруулах боломжтой 34 компанид бүтэц, өмчлөлийн шинэчлэл хийх, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгох, стратегийн хөрөнгө оруулагч татах, хөрөнгө оруулалтын багцын механизм ашиглахаар тусгасан байна.
Засгийн газар шинэчлэлийн үр дүнд төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдал, хариуцлага олон улсын жишигт ойртож, төрийн өмчийн ашиглалт, өгөөж мэдэгдэхүйц сайжирна гэж үзэж байна.
