Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг УИХ 53.3 хувийн саналаар дэмжлээ
Зураг (Эрдэнэт хот): Brücke-Osteuropa / Wikimedia Commons, Public domain
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 53.3 хувийн саналаар дэмжлээ. Санал хураалтад 90 гишүүн оролцсон. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Төслийн хамт өргөн мэдүүлсэн 12 хуулийн төслийг хэлэлцэхийг мөн УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.
Төслийг Л.Мөнхбаясгалан, Х.Баттулга, С.Бямбацогт, Г.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнхбат, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, М.Сарнай, Р.Сэддорж, Б.Тулга, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн.
Төслийн үндэслэлд, усны хэрэглээний ихэнхийг газар доорх усаар хангадаг нь нөөцийн тэнцвэр алдагдах, ус хомсдох, экосистем доройтох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг дурджээ. Төслийн зорилго нь усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол болон хомсдолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулах юм. Ус ашиглах шийдвэрт нөөц, чанар, экосистемийн хэрэгцээг харгалзах бөгөөд хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавина.
Төсөлд усыг хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориуд арвижуулахыг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах заалт орсон. Мөн сав газрын нэгдсэн менежмент, усны эдийн засгийн зохицуулалт, мэдээлэл, цахим мониторингийн тогтолцоог харгалзжээ.
Харин зарим гишүүд төсөл хэвээр батлагдвал сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй гэж анхааруулсан. Тухайлбал, уул уурхайн салбарт газрын доорх цэнгэг ус ашиглахыг хориглох заалт нь улсын хамгийн том төсөв бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай зөрчилдөж байна гэв. Тэдний хэлснээр цэнгэг усанд тулгуурласан уурхай, баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл тасалдаж, хөрөнгө оруулалт, ажлын байр, экспорт, төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
Хуулийн төсөл одоогоор анхны хэлэлцүүлгийн өмнөх шатандаа байгаа тул ус хамгаалах зорилт болон эдийн засгийн нөлөөллийг тэнцвэржүүлэх нь байнгын хорооны хэлэлцүүлгийн гол сэдэв болох төлөвтэй байна.
