Албан болон дипломат паспортын тоог ил болгохыг санал асуулгад оролцогчдын 97.2 хувь нь дэмжив
![]()
Зураг (Засгийн газрын ордон): Alexkom000 / Wikimedia Commons, CC BY 4.0
Албан болон дипломат паспорт хэчнээн хүнд байгааг ил болгохыг шаардсан санал асуулгад оролцогчдын 97.2 хувь нь «тийм» гэж хариулжээ. Санал асуулга нэг долоо хоног явагдаж, 617 хүн оролцсон бөгөөд 2.8 хувь нь эсрэг байр суурьтай байв.
Асуулгад Гадаад харилцааны яамнаас албан болон дипломат паспорт эзэмшигчдийн тоо, сүүлийн 10 жилд энэ тоо хэрхэн өөрчлөгдсөнийг ил болгохыг шаардах нь зөв үү гэж асуусан.
Албан болон дипломат паспортыг тодорхой албан тушаалтанд тусгай журмаар олгодог. Гэтэл хүчинтэй эсэх, эзэмшигч нь тодорхойгүй ийм паспортын зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч, жирийн иргэд яаж эдгээр паспортыг авсан бэ гэсэн асуулт дэгдээжээ.
Гадаад харилцааны яамнаас эдгээр паспортыг хэчнээн хүн эзэмшдэгийг асуухад мэдээлэл өгч чадахгүй гэж хариулсан байна. Албан болон дипломат паспортын давуу эрх, мэдүүлэг, хадгалалт, тайлагнал, хүчингүй болгох зэргийг тусгай журмаар зохицуулдаг.
