УИХ-ын гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Төрийн ордон, Улаанбаатар

Зураг (Төрийн ордон, Улаанбаатар): ノボホショコロトソ / Wikimedia Commons, CC BY 4.0

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн хуралдаан 11 дүгээр сарын 19-ний өдөр 14:05 цагт Төрийн ордонд эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцлээ. Гишүүд Ерөнхийлөгчийн хүсэлтийн талаар асуулт асууж дууссаны дараа У.Хүрэлсүх УИХ-ын индэрээс эцсийн үгээ хэллээ.

Санал хураалтад 104 гишүүн оролцож, 92.3 хувь нь чөлөөлөхийг дэмжсэнээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнийг Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна.

Хуралдаан дээр У.Хүрэлсүх Үндсэн хуульд хүрэхгүй гэж амласнаа биелүүлсэн гэж үзэж байгаагаа хэлээд, одоо улс төрийн тогтолцооны шинэчлэлд онцгой анхаарах цаг болсон гэв. Тэрбээр шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард түмний санал асуулга явуулж, Үндсэн хуулиа өөрчлөх эсэхийг асуухыг санал болгосон. Түүний дэвшүүлсэн хоёр хувилбар нь Герман улсын адил хоёр танхимтай парламенттай, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцоо, эсвэл АНУ, Францын адил ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа томилж, хариуцлага хүлээдэг тогтолцоо юм. Институци хоорондын асуудлаас болж ажил удааширч, 126 гишүүнтэй парламентаас сайн үр дүн харагдахгүй байна гэж тэрбээр шүүмжилсэн.

Хуралдаан дээр Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа, төсвийн асуудал мөн хөндөгдсөн. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөг зарцуулсан ч таван жилийн хугацаанд УИХ-д тайлан тавиагүй, төрийн одон медалийн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт дөрвөн удаа бичгээр хандсан ч хариу аваагүй гэв.

Үүнд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн институцэд нэмэлт зардал байхгүй, өөрийнх нь төсвийг Тамгын газрын дарга баталдаг гэж хариулсан. Төсөв нь өссөн бол МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлсэнтэй холбоотой байж болно, одон медалийн хүсэлт олон мянгаар тоологддог, гол төлөв ахмад настанд шагнал олгохыг эрхэмлэсэн гэж тайлбарлав.

Ерөнхийлөгчийн үүргийг шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт түр гүйцэтгэхээр боллоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen