Лу.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН-ын даргаараа ажиллах сонирхолтой байна
Одоогоос нэг жил хагасын өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм. Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд АН хэдийгээр олонхи болж чадаагүй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ыг Засгийн Газартаа урьж, оруулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөр эдүгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар ажиллаж байна.
Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь нууц биш.
Ийм ч учраас Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломж байсаар байхад Лу.Гантөмөр сонгуулийн менежментийг маш муу хийж, албаар намаа ялагдуулсан гэж тус намын цөөнгүй гишүүд хүртэл дүгнэн ярьдаг.
АН-ын дүрмээр Лу.Гантөмөр аль хэдийн намын даргаасаа огцрох ёстой ч энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.
Учир нь МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт: "Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй" гэж ятгах, шахахын завсар өгүүлдэг гэнэ.
Үүнийхээ шалтгааныг албан ёсоор тайлбарлахдаа, хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэж тайлбарладаг гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
Тэр бүү хэл Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг дуустал намын даргаараа ажиллах сонирхолтой байгаа тухай эх сурвалжууд өгүүлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах үйл явцад тэрээр заавал оролцохыг хүсч байгаа бололтой.
Эх сурвалж: sonin.mn