Орон нутгийн авто замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна
![]()
Зураг (Улаанбаатарын авто зам): Mongolia Expeditions / Wikimedia Commons, CC BY 3.0
Орон нутгийн болон улсын чанартай авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангах ажлыг "Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын есөн аж ахуйн нэгжийн шуурхай ажлын хэсэг 24 цагаар гүйцэтгэж байна.
Цэвэрлэгээ хийж буй чиглэлд Хэнтийн Өндөрхаан–Баян-Уул, Өвөрхангайн Хархорин–Өгийнуур, Төвийн Лүн–Дашинчилэн, Цэцэрлэг–Тосонцэнгэл–Түдэвтэй, Даланзадгад–Цогтцэций–Гашуунсухайт, Сайншанд–Замын-Үүд, Мөрөн–Хатгал–Ханх–Улсын хил, Дархан–Эрдэнэт, Түдэвтэй–Сонгино–Наранбулаг–Улаангом зэрэг зам орж байна. Мөн Алтай–Ховд, Ховд–Өлгий, Манхан–Булган боомт, Хөвсгөлийн Булган–Мөрөн, Мөрөн–Улиастай чиглэлд ажил үргэлжилж байгаа аж.
Зам, Тээврийн яамны мэдээлснээр Улаанбаатар–Арвайхээр, Улаанбаатар–Дархан чиглэлд өдөр бүр давс цацаж, автогрейдераар хусах ажил хийгдэж байна. Давсыг гараар болон цасны машинаар цацдаг.
Ажлын арга технологийн хувьд цасан бүрхүүл тогтсон хэсэгт хоёр автогрейдер ашиглан цас, мөсийг хусаж, замын зорчих хэсэг болон хөвөөнд хуримтлагдсан цасыг автомашин ачигчаар цэвэрлэнэ. Харин мөстсөн хэсэгт элс, хайрганы холигийг цацаж байна.
Өвлийн улиралд замын нөхцөл байдал цаг агаараас шалтгаалан хурдан өөрчлөгддөг тул урт удаан замд гарахаасаа өмнө замын байдлыг лавлах, хурдаа бууруулах, дугуйгаа өвлийн хэрэглээнд бэлтгэх нь зүйтэй. Зарим хэсэгт цас шуургатай үед замын хөдөлгөөн түр хязгаарлагдаж болзошгүй.
