Эгийн голын усан цахилгаан станцын байгаль орчны нөлөөллийн эцсийн тайланг ОХУ-д гардуулав

Сэлэнгэ мөрөн

Зураг (Сэлэнгэ мөрөн): Alex Ang / Wikimedia Commons, CC BY-SA 3.0

Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 19-нд Москва хотод хуралдаж, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн судалгааны эцсийн тайланг ОХУ-ын Шинжлэх ухааны академид гардуулав. Мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өгчээ.

Хоёр улсын эрдэмтдийн баг хоёр жилийн турш "Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ" судалгааг хийсэн. Хуралдаанаар судалгааны голлох үр дүнг хэлэлцэв.

Монголын талаас Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл тэргүүтэй 10 эрдэмтэн шинжээч оролцсон. Мөн УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Д.Даваа, Усны газрын дарга З.Батбаяр нар хамт байв. Оросын талаас Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков нарын удирдлаган дор нийт 20 эрдэмтэн шинжээч оролцжээ.

Судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдсэн. Яамны мэдээлснээр энэ нь эрчим хүчний салбарт олон арван жил хүлээгдсэн төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдүүлж байна.

Харин Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурын гол цутгал тул экосистемд үзүүлэх нөлөөллийн асуудал олон нийтийн хэлэлцүүлэгт ихээхэн хөндөгддөг. Иймд эцсийн тайлангийн дүгнэлт, засгийн газар хоорондын комиссын шийдвэр хэрхэн гарахыг мэргэжлийн байгууллагууд, иргэд анхаарч харна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen