Малчид бэлчээр, усаа хамгаалахын тулд нүүдэлчдийн “Улаан шугам” санаачилга боловсруулжээ

Зураг (жишээ зураг, Баруун Монголын малчид): Bfreeproductions / Wikimedia Commons, CC BY-SA 4.0

Монгол малчид саяхан Армени улсын Ереван хотод болсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож, нүүдэлчдийн “Улаан шугам” санаачилгаа танилцууллаа. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, туршлагаа хуваалцлаа.

“Улаан шугам” гэж юу вэ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын малчин Н.Нямхүү санаачилгын тухай “Малчдын бэлчээр, ус, өвөлжөө хаваржаа зэргийг уул уурхай, шороон замын тээвэр үгүй хийж байна. Бэлчээрээ авч үлдэж, усаа хамгаалахгүй бол малчид тэсэж үлдэхэд бэрх. Зам тавьж, уурхай нээж байгааг шууд эсэргүүцээгүй ч бэлчээр нутгаа хамгаалж үлдэхийн төлөө “Улаан шугам” татаж, түүнээс цааш лиценз олгохгүй байхад уриалж байгаа юм” гэж тайлбарлав.

Өмнөговь аймгийн Борзонгийн говь иргэдийн нэгдлийн тэргүүн Ц.Ундармаа санаачилгыг боловсруулахдаа гурван сарын турш малчидтай уулзаж, санал бодлыг нь сонссоныг хэллээ. Борзонгийн говьд дэлхийд нэн ховор хар сүүлт, хулан, эмийн ургамлууд бий гэдгийг тэрбээр дурдаад, нүүдэлчин малчдын 50 гаруй хувь янз бүрийн төслүүдэд шахагдаж, амьжиргаагаа залгуулахад хэцүү болж байна гэв. Иймд “үүнээс цааш газар олгохгүй” гэсэн “Улаан шугам”-ыг баримтлахыг санал болгож байна.

Арменид харсан зүйл

Малчид Арменийн малчин өрхөд мөн зочилжээ. Тэдний хэлснээр Армени гурван сая гаруй хүн амтай бөгөөд 15 хувь нь малчин өрх. Нүүдлийн мал аж ахуйтай байсан ч сүүлийн 20 гаруй жилд хагас суурин, суурин болж, одоо зөвхөн үхэр, адуутай үлджээ. Малчид Монгол Улс нүүдлийн соёл уламжлал, бэлчээрийн мал аж ахуйгаа хумих тусам бог малгүй болж, эрчимжсэн мал аж ахуйн бод малтай үлдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Эрчимжсэн мал аж ахуйд тарилга, химийн бордоотой хоол хүнс өгдөг тул хүнсний аюулгүй байдал, хангамжид асуудал үүсдэг гэдгийг тэд онцолсон.

Гурван конвенц, нэг бодлого

Малчдын хэлснээр НҮБ-ын байгаль орчны гурван конвенц буюу уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах конвенц нь малчин хүнд байгалийн орчныг хамгаалах нэг ойлголтоор очдог. Харин төр засгийн бодлого гурван салаа өөр чиглэлээр явж байна. Дэлхий нийтэд эдгээр бодлогын уялдааг хангаж, гурван конвенцыг нэгтгэн хэрэгжүүлэх санаачилга гарч байгааг тэд дурдсан. Мөн төр засаг дангаараа бус иргэний нийгмийн байгууллага, малчид, иргэдийн оролцоо хангагдсанаар конвенцууд хэрэгжинэ, шинээр бодлого гаргахаас илүү өмнөх сайн бодлогуудынхаа хэрэгжилтийг сайжруулахад анхаарч байна гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen