Буудлагын ДАШТ: 25 метрийн дасгалд Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
2022/10/26
Эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр эхний шатанд зургаад жагсаж байсан ч түргэн буудлагаа сайн буудсанаар дэд байр руу дэвшиж чадсан юм.
Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. 10 дугаар сарын 24-ний өдөр 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон юм.