ДАШТ-ээс ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртжээ
2022/10/26
Египет улсын Кайр хотод буудлага спортын ДАШТ (ISSF World shooting championships) 53 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээн "Парис-2024" олимпын эрхийг олгох тул ( олимпын дасгал тус бүрд эхний дөрвөн байрт орсон тамирчид) 88 орны 1,088 тамирчин цэц сорьж байна.
Тэмцээний 50 метрийн гар бууны холимог багийн төрөлд ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медаль хүртжээ. ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ц.Мөнхзул нарын дэлхийн аваргаас хүртсэн “Мөнгөн” медаль нь манай улсын Буудлагын дэлхийн аваргаас авч байгаа 5 дахь медаль юм. Өмнө нь 1998 онд МУГТ Д.Мөнхбаяр алтан медаль хүртэж байсан 2006 онд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа хүрэл медаль хүртэж байжээ.
Харин багийн төрөлд 1998 оны ДАШТ-ээс Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун гэсэн бүрэлдэхүүнтэй баг хүрэл медаль, 2014 онд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багаараа мөнгөн медаль хүртэж байжээ. Буудлага спортын энэ удаагийн ДАШТ аравдугаар сарын 27-нд өндөрлөнө.