Эстони Оростой хиллэх авто замын боомтуудаа хаах нь Төв Азийн ачаа тээвэрт нөлөөлж байна
![]()
Зураг (Нарва хот, Эстони-Оросын хилийн орчим, тайлбар зураг): Phil Richards from London, UK / Wikimedia Commons, CC BY-SA 2.0
Эстони 12 дугаар сарын 1-ээс Оростой хиллэх авто замын боомтуудаа хаахаа мэдэгдсэн. Тэдний тайлбарласнаар Оросын цэргийн тагнуултай холбоотой гэж үзсэн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгчид хийсэн хорлон сүйтгэх халдлагын оролдлогын дараа үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ шийдвэрийг гаргасан. Хоёр улсын хилийн хязгаарлалтыг зургаан сарын дараа эргэн харна, харин Нарвагаар төмөр замын ачаа тээвэр үргэлжилнэ. Латви ижил арга хэмжээ авахыг авч үзэж байгаа бөгөөд шийдвэр 11 дүгээр сарын 26-нд гарах төлөвтэй.
Хязгаарлалт зургаан орны тээвэрлэгчдийн жилд 2,000 орчим ачааны рейсэд нөлөөлж магадгүй бөгөөд тэдний 80 орчим хувь нь Эстониор дамжин өнгөрөх ачаа. Сүүлийн үед Луухама, Койдула боомтоор өдөрт 10-аас цөөн ачааны машин гарч байсан бөгөөд Оросын чиглэлд ажиллаж байсан Эстонийн 500 орчим фирмээс 50 хүрэхгүй нь л үлджээ.
Төв Азийн тээвэрлэгчдийн хувьд: ATI.SU платформд Казахстанаас олон улсын авто тээврийн хүсэлт 2026 оны эхний есөн сард 34 хувиар буурч, дундаж тариф 18 хувиар өссөн. Киргизстанд Орос руу явах хүсэлт гуравдугаар улиралд 29 хувь, эсрэг чиглэлд 69 хувь буурсан бол Туркээс ирэх эрэлт хоёр дахин өссөн. 11 дүгээр сард Казахстан-Узбекистаны хилийн Коныс баев боомт дээр 990 орчим ачааны машин дараалалд зогсож, зарим жолооч хэдэн өдөр хүлээсэн.
Төмөр замын хувьд Оросын төмөр зам (РЖД) 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 3-ны хооронд Төв Азийн ихэнх ачааг Беларусаар дамжуулахыг хязгаарласан. Мөн Казахстаны нүүрсийг Балтийн боомт руу тээвэрлэх нэг ч хүсэлтийг аравдугаар, арваннэгдүгээр сард зөвшөөрөөгүй.
Нөгөө талаас Дундад коридорын эзлэх хувь нэмэгдэж байна. Узбекистаны ЕХ-той хийх ачаа тээвэрт энэ коридорын хувь 2021–2025 онд 12-оос 28 хувь болсон. 2026 оны эхний арван сард контейнерийн ачаа 57,300 TEU болж 64 хувиар өссөн ба Казахстан 2029 он гэхэд жилд 300,000 TEU-д хүргэхээр зорьж байна.
ЭЗХАХБ-ын мэдээлснээр Казахстаны төмөр замын оператор 2023 оны нэгдүгээр сараас 2025 оны тавдугаар сарын хооронд ачааны тарифаа аравтаар өсгөсөн. Дэлхийн банк 2040 он хүртэл Дундад коридорын тээврийн дэд бүтцийг шинэчлэхэд дор хаяж 25 тэрбум доллар шаардлагатай гэж тооцжээ.
Эх сурвалж: The Times of Central Asia, 2026.11.25.
