Он гарснаас хойш 175 өрхөд ипотекийн зээл олгожээ
2023/01/24
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо.
Хурлаар он гарснаас хойших хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20.5 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгоод буйг мэдээлэв. Зээлийн хэмжээ ба зээлдэгчийн тоог харьцуулан үзвэл, нэг өрхөд ипотекийн зээлд зориулан 117 сая төгрөг олгосон байна.
2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй журмын дагуу Улаанбаатар хотод зээлийн дээд хэмжээг 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгосон юм.
Цар тахлын хуулийн үйлчлэх хугацаа дууссанаар энэ оноос ипотекийн зээлтэй иргэд төлбөрөө төлж эхэлсэн билээ. Уг хуулиар хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулж байв.
Сэтгэгдэл 1