Ерөнхийлөгч Хүрэлсүх Берлинд хүрэлцэн ирж, ХБНГУ-д 14 жилийн дараах төрийн айлчлал эхэллээ
![]()
Зураг (тайлбар): Берлин дэх Бельвю ордон — Германы Холбооны Ерөнхийлөгчийн албан ёсны ажлын өргөө. Зохиогч: Michael.F.H.Barth / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийн урилгаар 10-р сарын 19–22-нд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ. Монголын төрийн тэргүүн ХБНГУ-д 14 жилийн дараа төрийн айлчлал хийж байгаа юм.
Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин сайд Ж.Оюунбаатар болон албаны бусад төлөөлөгч угтан авчээ. Ерөнхийлөгчийн онгоцыг Германы агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц дагалдан хамгаалж, газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийсэн байна. Нисэх онгоцны буудалд Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсаж, 21 удаагийн ёслолын буудлага үйлджээ.
Айлчлалын зорилго. Айлчлал хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд болж байна. Хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэх талаар ярилцана. Мөн "Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал" байгуулж, "Стратегийн түншлэл"-ийг бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Хөтөлбөр. Төрийн тэргүүн нар Берлин хотод "Чингис хаан ба Монголчуудын ертөнц" үзэсгэлэнг нээнэ. Айлчлалын хүрээнд "Монгол-Германы бизнес форум", "Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг", "Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин" олон улсын эрдэм шинжилгээний хурал, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.
Харилцааны товч түүх. Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоосон. Харилцааны түвшинг 2008 онд "Иж бүрэн түншлэл"-д хүргэсэн бол дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Германы Холбооны Ерөнхийлөгч 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ "Стратегийн түншлэл"-ийн түвшинд ахиулжээ.
Стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн харилцаа, батлан хамгаалах, эдийн засаг, хөгжлийн бодлого, боловсрол соёл, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэг ба олон нийтийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.
