CS2: Монголын «NEXVOID» баг Брисбэнд зохиогдсон тэмцээнд түрүүлж, 11,000 доллар хүртлээ

Брисбэн хотын төв

Зураг (Австралийн Брисбэн хотын төв): King Eliot / Wikimedia Commons, CC0

Цахим спортын Counter-Strike 2 (CS2) тоглоомын Монголын «NEXVOID» баг Австралийн Брисбэн хотод болсон Logitech G Pro Series 2026 тэмцээнд түрүүлж, 11,000 ам.долларын шагнал авлаа.

Гуравдугаар зэрэглэлийн энэ тэмцээн нийт 14,000 ам.долларын шагналын сантай байв. Тэмцээнд Австралийн зургаа, Монголын нэг, Хятадын нэг баг өрсөлдсөн. «NEXVOID» аваргын төлөөх тоглолтод Австралийн «FlyQuest» багийг 2:1 харьцаагаар хожжээ.

Чансаа ахилаа

Энэ ялалтаар «NEXVOID» баг Азийн чансаанд наймдугаар байранд бичигдэж байна. Дэлхийн чансаандаа 12 байр ахиж, 71 дүгээр байрт орж ирлээ. Мөн арваннэгдүгээр сарын 15-наас Сингапурт эхлэх PGL Major Singapore 2026 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох магадлалаа 15 хувь хүртэл нэмэгдүүллээ гэж CS2-ын hltv.org сайт тооцоолжээ.

Бүрэлдэхүүн

Багийн бүрэлдэхүүнд erkaSt (Г.Эрдэнэцогт), AccuracyTG (Б.Отгонлхагва), Zesta (Э.Мөнхсайхан), MiQ (Б.Тэмүүлэн), xerolte (Э.Мөнтогтох) нар тоглож, Diesen (Г.Амартүвшин) дасгалжуулагчаар ажиллаж байна.

Сингапурын эрхийн төлөөх өрсөлдөөн

PGL Major Singapore 2026-д Азиас таван баг оролцох эрхтэй. hltv.org-ын тооцоолснаар одоогоор М.Азбаяр, Б.Аюуш нарын тоглож буй «BC.Game Esports» баг оролцох 96 хувийн магадлалтай байна. Монголын «The MongolZ» багийн эрх авах магадлал 92.8 хувь, «Chinggis Warriors» багийнх 51 хувь гэж тооцоолжээ.

Харин «The MongolZ» баг даваа гарагт буюу өнөөдөр Сербийн Белград хотод болох 1win Private Club-2 тэмцээний хүрээнд Шведийн «Alliance» багийн эсрэг Bo3 журмаар тоглохоор товлоод байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen