Газын зурвасын охин: Миний ажил ус хайж олох

Палестин Израилийн мөргөлдөөн хагас жил үргэлжилж, Газын зурвасын дэд бүтэц бүхлээрээ сүйрсэн. Хүмүүс дайн дажны хөлөөс зугтаж, айж хэлмэгдэн, өлсгөлөн, ядуурал дунд амь зогоож байна. 15 настай охин Газын зурвасын Дейр аль-Бара бүсэд ус хайж гүйнэ.

15 настай Маха Сартхак охин мөргөлдөөн эхэлснээс хойш Дейр аль-Байра бүсийн түр орогнох газарт гэр бүлийн хамт хоргодож байна. Түр орогнох газар усгүй болоод удаж байгаа тул Маха ундны ус хайж өдөр бүр гардаг. Ингэхээс ч өөр аргагүй. 

Маха Сартхак "Өдөр бүр хол явж ус хайдаг болохоор би эрт босдог. Ингэж  гарч, эрж хайж гүйгээд заримдаа ус олно, заримдаа хоосон. Өглөөнөөс үдэш болтол ус олохын төлөө явж байна" гэнэ. 

Энэ хуучин савнуудыг Маха Сартхак өдөр бүр барьж гардаг. Өдрийн ихэнхийг ус хайж өнгөрөөнө. Хүнд, эрсдэлтэй энэ замаар өдөр болгон ус бэдрэх охин гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч байна.

Тэрээр "Миний нуруу, гар их өвддөг. Гар хавдсан. Би ус олж өдөрт арав гаруй удаа зөөх хэрэгтэй. Өглөөнөөс орой хүртэл зөвхөн усны эрэлд явдаг. Усанд яваагүй үедээ аяга таваг угаана. Өдөржин ажиллаж хэт ядраад, шөнөжин нуруу янгинаж унтаж чадахгүй хөрвөөдөг. Өмнө нь нуруу өвдөж байгаагүй. Мөргөлдөөн эхэлснээс хойш нэг өдөр амар тайван байгаагүй, одоо миний биеийн бүх яс өвдөж байгаа юм шиг санагддаг. Энэ миний хүсч байсан хүүхэд нас биш, хүүхэд нас ийм байх ёсгүй" гэв. 

Одоо түүний хамгийн их хүлээж найдаж байгаа зүйл бол мөргөлдөөн дуусч, охины гэр бүл урьдын амьдралдаа эргэн орох явдал юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen