Метро, тойргийн замын төслүүдийн дараагийн хувь заяа: хотын даргын байр суурь

Улаанбаатар хотын түгжрэл

Зураг (Улаанбаатар хотын түгжрэл): Mongolia Expeditions… / Wikimedia Commons, CC BY 3.0

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва НИТХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, метро зэрэг томоохон төслүүдийн өнөөгийн байдлыг танилцууллаа. Тэрбээр өнөөдрийн байдлаар метро төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг хэлжээ.

Түүний хэлснээр метро төсөлд одоогоор 59 тэрбум төгрөгийн зардал гарсан, Солонгосын «Dohwa Engineering» компанитай 156 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Санхүүгийн тодорхой схемгүй, Засгийн газрын баталгаагүй, нарийвчилсан зураг төсөлгүй байхад тендер зарласан тохиолдол гарсан гэв. Тендерт суурилсан дүн 8.3 их наяд төгрөг боловч санхүүгийн схем, ханшийн зөрүү, зээлийн хүүгийн тооцоо үүнд ороогүй тул бүгдийг нь нэмж тооцвол зардал 10 их наяд төгрөгөөс давна гэж тэрбээр үзжээ.

Б.Пүрэвдагва 1.8 сая хүн амтай хотод 10 их наяд төгрөгөөр таван жилд метро барьвал зардлаа хэдэн жилд нөхөх нь тодорхойгүйг хэлээд, саяхан 3.6 сая хүн амтай Хөх хотод очиж ирснээ дурджээ. Хөх хот 30 километр, хоёр шугамтай метротой ч хэрэглэгч цөөн байгааг тэрбээр онцолсон. Эдийн засгийн нөхцөл байдлыг харж байж метро төслийг дахин авч үзэхээр тооцоолж байгаа аж. «Dohwa Engineering» гүйцэтгэлээрээ мөнгөө авдаг бөгөөд одоогоор хоёр тэрбум төгрөгийн нэхэмжлэл иржээ.

Бусад төслүүдийн талаар: Сэлбэ дэд төвийн 157 га газрыг чөлөөлөхөд 470 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 8,575 айлын орон сууцны төслийг үргэлжлүүлнэ. Нэгдүгээр, хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ гарсан ч нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны үнэлгээ хийгдээгүй, газар чөлөөлөлт болоогүй байна. Ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй төслийн нэгжүүдийг татан буулгана гэж хотын дарга мэдэгдсэн.

Түгжрэлийг бууруулахын тулд 2027 онд Зунжин-32-ын тойрог, Архивын ерөнхий газар–120 мянгат, Энхтайвны өргөн чөлөө гэсэн гурван чиглэлд их багтаамжийн нийтийн тээвэр явуулахаар төлөвлөжээ. Зуслангийн бүс болон Сэлбэ хотын чиглэлд «Sky Shuttle», Яармагийн замд «Sky Shuttle» болон тусгай зам шаардахгүй ART тээвэр зорчуулна. Санхүүжилтийг улсын төсвөөс бус бусад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах замаар шийдэх аж.

Дээрх нь хотын даргын танилцуулсан байр суурь юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen