Агаарын бохирдлыг 2030 он гэхэд 55 хувиар бууруулах 14.9 их наядын төлөвлөгөөний төсөл

Зайсан толгойгоос харагдах утаатай Улаанбаатар хот, 2010 он

Зураг (Зайсан толгойгоос харагдах утаатай Улаанбаатар хот, 2010 он): Einar Fredriksen / Wikimedia Commons, CC BY-SA 2.0

Агаарын бохирдлыг бууруулах 2026–2030 оны төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд 11 дүгээр сарын 2-нд зохион байгууллаа. Төслийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг танилцуулсан.

Төсөлд долоон бүлэг, 58 арга хэмжээ тусгагдаж, нийт 14.9 их наяд төгрөг төсөвлөх санал ирсэн байна. Төлөвлөгөө батлагдвал УИХ-ын 53, 57, 119 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдаж, агаарын чанарыг олон улсын стандарт түвшинд хүргэх зорилготой гэж тэрбээр хэлжээ.

Улаанбаатарын агаарыг бохирдуулагч гурван үндсэн эх үүсвэрийг Японы ЖАЙКА байгууллага 2022 онд судалсан. Тэр судалгаагаар гэр хороолол 55.6 хувь, автомашин буюу хөдөлгөөнт эх үүсвэр 28.9 хувь, бусад эх үүсвэр (усан халаалтын зуух, бага оврын зуух, ДЦС-ын үнсэн сан) 15.5 хувийг эзэлж байна.

Сүүлийн хоёр жилийн хяналтын үзүүлэлтийг харьцуулахад дунджаар 30 орчим хувийн бууралт ажиглагдаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын өгөгдлөөр УИХ-ын 53 дугаар тогтоолд заасан 2028 оны зорилтот түвшин хүртэл бохирдол өмнөх жилүүдээс 50 орчим хувиар буурах прогноз гарчээ. Харин энэ оны есдүгээр сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад азотын давхар исэл 14 хувь, хүхэрлэг хий 37 хувь, PM10 тоосонцор 33 хувиар буурсан бол PM2.5 тоосонцор 23 хувиар өссөн байна.

Төслийн бүлгүүд:

  • Хууль эрх зүй, стандартыг боловсронгуй болгох: 12 арга хэмжээ, 105 сая төгрөг
  • Хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах: 9 арга хэмжээ, 4.7 их наяд төгрөг
  • Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх (ДЦС, сэргээгдэх эх үүсвэр): 17 арга хэмжээ, 9.8 их наяд төгрөг
  • Авто тээврийн бохирдлыг бууруулах: 4 арга хэмжээ
  • Дотоод орчны агаарын чанар, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх: 10 арга хэмжээ, 132 тэрбум төгрөг
  • Агаарын чанарын хяналт шинжилгээ: 2 арга хэмжээ, 42.8 тэрбум төгрөг
  • Барилгын дулаан алдагдлыг багасгах, ногоон технологи: 4 арга хэмжээ, 8.3 тэрбум төгрөг

Б.Баттүшиг төлөвлөгөө ажлын хэсгийн «мөрөөдлийн жагсаалт» байх ёсгүй, хэрэгжих боломжтой, төсөвтэй, хариуцах эзэнтэй байх ёстойг онцолжээ. Төслийг цаашид Үндэсний хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, эрдэмтэн судлаачдын саналыг тусгана.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen