Монгол, Солонгосын цагаачлалын байгууллагууд «Цагаачлалын яриа хэлэлцээ» шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлнэ

Инчон олон улсын нисэх буудал

Зураг (жишээ зураг, Инчон олон улсын нисэх буудлын 1-р терминал): Arne Müseler / Wikimedia Commons, CC BY-SA 3.0 de

Гадаадын Иргэн, Харьяатын Газрын дарга Б.Энхсүх 2026 оны аравдугаар сарын 29-нд Сөүл хотноо БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дарга Ча Ён Хотой уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын цагаачлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ шатанд гаргах, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцсэн байна.

Талууд хоёр улсын иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шуурхай зөвшилцөж шийдвэрлэх зорилгоор «Цагаачлалын асуудлаарх яриа хэлэлцээ» (Immigration dialogue) шинэ механизмыг ойрын хугацаанд эхлүүлэхээр харилцан тохиролцсон.

Мөн иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх «Замын зураглал» боловсруулж хэрэгжүүлэх, аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол Улсын бүлэг жуулчдын визийн нөхцөл болон хил нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах, хил дээрээс буцаагдаж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Энэ тухай Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээлсэн. «Замын зураглал»-д ямар хугацаанд ямар өөрчлөлт орох, яриа хэлэлцээ хэзээ эхлэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen