БНХАУ-ын BANK OF CHINA банкны дарга асан авлигын хэргээр цаазаар авах ял сонслоо
Өнгөрөгч мягмар гарагт болсон анхан шатны шүүх хурлаар, “Bank of China”-ын ТУЗ-ийн дарга асан Лю Лянж-д их хэмжээний авлига авсан хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэх хугацааг 2 жилээр хойшлуулжээ. Тус шийтгэлийг Зүүн Хятадын Шаньдун мужийн Жинаний дунд шатны шүүх ногдуулсан гэж Хятадын үндэсний телевиз "CCTV" мэдээлэв.
Лю 2010-2023 оныг хүртэл ажиллаж байх хугацаандаа зээл, төсөл, албан тушаал гэх мэт ажлыг зохицуулахын тулд 121 сая юань буюу 16.7 сая ам.долларын хахууль авчээ. Тэрээр 2017-2020 онд 3.32 тэрбум юанийн хууль бус зээл олгож, 190.7 сая гаруй юанийн хохирол учруулсан байна.
Лю-д хоёр жилийн хугацаатай, цаазаар авах ял оноож, мөн хугацаанд улс төрийн эрхийг нь хасаж, хувийн бүх хөрөнгийг нь хураан авсан байна. Мөн хууль бусаар зээл олгосон хэргээр 10 жилийн хорих ял, 150 мянган юанийн торгууль ногдуулжээ. Түүний хууль бусаар олсон орлогыг хураан авч, төрийн санд шилжүүлнэ гэж CCTV мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс Санхүүгийн салбарын авлигын эсрэг тэмцлээ эрчимжүүлж байна. Энэ оны арваннэгдүгээр сард Хятадын Үйлдвэр худалдааны банк, Хятадын Барилгын банк зэрэг төрийн өмчит томоохон банкуудын зарим албан тушаалтнуудыг хээл хахууль авсан, өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай Сахилгын хяналтын төв комиссын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Эх сурвалж: https://www.globaltimes.cn