ХУЭТ-ийн дарга А.Сувдаа ажлын бус цагаар хуралдаж, эмч нараа ажлаас нь чөлөөлж эхэлжээ
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа болон хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ц.Энхбаясгалан тус эмнэлгийн гемодиализийн эмч Э.Батбаярыг ажлын бус цагаар алдаа гаргаагүй байхад нь шалтгаангүй ажлаас нь чөлөөлснийг эх сурвалж мэдээллээ.
Тус төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж төвийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Тодруулбал 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй байгаа тухай цахим орчинд цацагдсан. Түүнчлэн илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь авах хүсэлтэй байгаа талаараа шаардлага хүргүүлсэн аж.
Тэгвэл Э.Батбаяр эмчийг чөлөөлөхөөс гадна мөн бусад эмч нарын хуваарийг ажлын бус цагаар сольж байгаа нь эмнэлгийн ажилчдыг өөрийнх нь эсрэг мэдээлэл өгсөн учраас ийм байдлаар арга хэмжээ авч байна гэж ажилчид үзэж байна.
Түүнчлэн өчигдөр тус эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл байдлыг мэдээлсэн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч Б.Намуунбайгалийг ч цаашид ажиллуулахгүй талаар яригдаж байна гэлээ.
Эмнэлгийн үйл ажиллагааны асуудал одоогоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хүрээнд явагдаж байгаа хэдий ч удирдах газрын шийдвэр гараагүй нөхцөл байдалд ажилчидаа ажлаас чөлөөлж байгаа нь тус эрүүл мэндийн төвийн даргыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдэл хийж байна гэх хардлагыг төрүүлэх болжээ.