Удирдагчид юу хэлэв?

НҮБ-ын гишүүн 193 орны төрийн түшээд, дипломатчид тус байгууллагын Ерөнхий Ассемблейн 79 дүгээр чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглав. Даян дэлхийн энх тайван, дэг журам ноцтой аюулд орж, геополитикийн зөрчил, хуваагдал улам тэлж буйг чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд улсуудын удирдагчдын хэлсэн хурц үгсээс харж болно. Тэдгээрээс сорчлон хүргэвэл:

НҮБ-ын тэргүүн А.Гутерреш чуулганыг нээж үг хэлэхдээ дэлхий дүрэм журамгүй болсонд харамслаа илэрхийлж, мөн Израил, ОХУ олон улсын хууль журмыг уландаа гишгэж буйг битүү утгаар буруутгав. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг зогсоох арга хэмжээ ахицгүй байгаад улс орнуудыг шүүмжилсэн.

Зэм, цээрлэлээс зайлсхийх явдал энэ түвшинд хүрснийг улс төрийн үүднээс хамгаалж боломгүй, ёс зүйн үүднээс зөвшөөрч боломгүй. “Шоронгоос зүгээр л гараад явчхаж болно” гэсэн бодолтой Засгийн газрууд, бусад этгээдүүдийн тоо нэмэгдэж байна… Газын зурвасын мөргөлдөөн бол бүс нутгаа тэр чигт нь арчиж хаяхаар заналхийлэх дуусдаггүй хар дарсан зүүд. Ливан улс дараагийн Газын зурвас болж хувирахыг Ливаны ард иргэд, Израилын ард иргэд, дэлхий нийт тэсвэрлэж чадахгүй.

Ерөнхийлөгчийн байр сууриар сүүлчийн удаагаа НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн Жо Байден тулгарсан сорилтуудыг давахын тулд эвсэн нэгдэх уриалгаа бататгаж, олон улсын байгууллагуудыг хүчирхэгжүүлж тэлэх хүчин чармайлт нь үр шимээ өгснийг тодотгов.

Өнөөгийн дэлхийгээс сорилт бэрхшээлийг олж харж, цөхрөл гутралаар хариу үзүүлэх хүмүүс олон байна. Гэхдээ би бол үгүй. Цаашдаа ч тэгэхгүй. Удирдагчдын хувьд бидэнд тэгэх эрх байхгүй… Хүндэт удирдагчид аа, эрх мэдлээ хадгалж үлдэхээс илүү чухал зарим зүйлс байдгийг бүү мартаарай. Тэр бол танай ард түмэн. Иргэддээ үйлчлэхийн тулд л бид энд байна. Эсрэгээрээ бус.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-г энх тайвныг сахисан байр суурьтай гэдэг ч Оросын цөмийн зэвсгийн дэд бүтцэд тусламж үзүүлж байна гэж буруушаав. Мөн илтгэлдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг энхийн хэлэлцээрт татан оруулах зорилготой Украины ялалтын төлөвлөгөөг танилцуулса

Европ болон Төв Ази дахь ОХУ-ын бүх хөрш орнууд дайн тэдний үүдийг ч тогшиж болохыг мэдэрч байна. Энэ нь дэлхий даяар хэр хэмжээний хохирол учруулахыг зүгээр л бодоод үз… Харамсалтай нь Аюулгүйн зөвлөлийнхөө хориг тавих эрх мэдлээс хэт хамааралтай учраас НҮБ-д дайн, энх тайвны асуудлыг бодитоор, шударгаар шийдвэрлэх эрх мэдэл алга. Түрэмгийлэгч орон хориг тавих эрх мэдлээ хэрэгжүүлэхэд НҮБ дайныг зогсоох ямар ч хүчгүй болж байна. Харин Энх Тайвны Томьёолол дайныг зогсоож чадна.

Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч М.Пезешкиан Израилын Газын зурваст хийж буй агаарын довтолгоо, мөн саяхан Ливанд холбоо харилцааны хэрэгслүүд дэлбэрсэн халдлагыг буруутгаж, “хариу өгөлгүй өнгөрөөх боломжгүй” гэв.

Энэхүү аймшигт сүйрлийг зогсоох олон улсын бүхий л хүчин чармайлтыг няцаасан атлаа өөрсдийгөө хүний эрх, эрх чөлөөний түүчээлэгч гэж нэрлэх зориг зүрхтэй тэдгээр ЗГ-ууд бүхий л үр дагаврын хариуцлагыг үүрэх болно.

Либертари үзэлтэй эдийн засагч гэж өөрийгөө танилцуулсан Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей чөлөөт худалдааг дэмжсэн хурц тод илтгэл тавьж, НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг “Социалист хэв шинжтэй олон улсын хөтөлбөрөөс өөр юу ч биш” хэмээн буруутгав.

НҮБ улс орнууд юу хийх, дэлхийн хүмүүс хэрхэн амьдрахыг шийдэхээр зүтгэж буй үй олон тэмтрүүлтэй Левиатан болж хувирчээ. Зүүний үзэл санаанд ийм зүйл байнга таардаг. Хүн юу хийх ёстойг заасан загвар гаргаж, санаснаас нь өөрөөр эргэвэл тэд нухчин дарж, хорьж цагдаж, эрх чөлөөг боомилдог.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоох Монгол Улсын эрмэлзлийг тодотгож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, мөн цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалав.

Монголчууд бид аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эртнээс эрхэмлэж, бас эрэлхийлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.

Эх сурвалж: Bloomberg tv Mongolia

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen