ХЭҮК, ХХЕГ-ын удирдлагууд хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Хил хамгаалахын ерөнхий газрын дарга, хилийн цэргийн Командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн,  Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Ганбаатартай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзаж, хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдал, цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын онцлог, хөдөлмөрлөх эрх, хугацаат цэргийн алба хаагч, алба хаах орчин нөхцөл, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, сургагч багш бэлтгэхийн ач холбогдол зэрэг сэдвээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн асуудлыг Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд удаа дараа тусгаж, УИХ-д танилцуулсаар эерэг өөрчлөлтүүд гарч байгааг дурдаад цаашид хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, Үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний хязгаарлаж үл болох эрх, эрх чөлөөг хангах, ялангуяа алба хаагчдын хөдөлмөрлөх эрх,  тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хүүхдийн сурч, боловсрох, хөгжих эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. 

Комиссын гишүүн Б.Энхболд хил хамгаалах байгууллага дахь хүний эрхийн нөхцөл байдлыг тогтмол үнэлж дүгнэх, ялангуяа цэргийн дүрмийн бус харьцаанаас урьдчилан сэргийлэх, Хил хамгаалах байгууллагад гаргасан иргэдийн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж байх, хилийн цэргийн алба хаагчдын эрхийг хангаж ажиллахад бусад улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг мэдээллээр хангах, аливаа зөрчил, маргаантай холбоотой бодит мэдээллийг нийгэмд шуурхай түгээхэд анхаарал хандуулж байхыг онцлов.  

Хил хамгаалахын ерөнхий газрын дарга, хилийн цэргийн Командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн хил хамгаалах салбарт хүний эрхийг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, хил хамгаалалтад технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар хугацаат цэргийн алба хаагчдын оролцоог багасгаснаар хүний эрхийн аливаа зөрчил буурах броломжтойг онцлохын зэрэгцээ хүний эрхийн сургагч багш нарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.  Улмаар Монгол Улсын хил, хилийн боомт, шалган нэвтрүүлэх бүсийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх чиглэлд үе шаттай арга хэмжээ авч байгаа бөгөөд энэ хүрээнд Хил хамгаалах байгууллагын удирдлагын төвийг байгуулж, хилийн бүсийг технологиор 100 хувь хянах системийг 2026 он гэхэд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Уулзалтаар дараах асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр тогтов.  

- Цэргийн алба хаагчийн эрхийг хангах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр баталсан УИХ-ын 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, мэдээлэл солилцох горимыг шуурхай болгох 

- Хил хамгаалах байгууллагын удирдах албан тушаалтан болон Дотоод хэргийн их сургуулийн төгсөх курсийн сонсогчдод хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах

- Хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчидтай хамтран цэргийн алба хаагч болон алслагдсан сум, орон нутгийн иргэдэд хүний эрхийн мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах

-  Хил хамгаалах байгууллагаас иргэдэд хүргэх бүх төрлийн үйлчилгээ, тухайлбал, лавлагаа, мэдээллийг шуурхай хүргэхэд мэдээлэл солилцож ажиллахаар тогтов.  

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen