Индонезид хууль бус алтны уурхайд үер орж, 13 хүн нас барав

Зураг (Индонезийн алтны олборлолт, жишээ зураг): Leendertz / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Индонезийн Баруун Жава мужийн Богор дүүргийн Понгкор хэсэгт байрлах хууль бус алтны уурхайд үер орж, дор хаяж 13 ажилтан амиа алдлаа. Тус газар Жакартаас өмнө зүгт 60 орчим км-ийн зайд уулархаг нутагт оршдог бөгөөд төрийн өмчит «PT Antam» компани мөн энэ хавьд алт олборлодог.
Усны түвшин 11-р сарын 24-ний Даваа гарагт уурхайн босоо цооногт хүрчээ. Борооны хүчтэй хур тунадас үерийн шалтгаан болсон гэж мэдээлж байна. Орон нутгийн хайх, аврах албаны дарга Десиана Картика Бахари Пүрэв гарагт нас барагсдын тоо 13 болсныг баталж, өөр 13 хүн сураггүй байгааг хэлсэн. Баруун Жавагийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Хендра Рочмаван 11 уурхайчин цооног усанд автахаас өмнө амьд гарч чадсан гэж мэдэгдэв.
Цагдаа нар баригдсан уурхайчдын тухай мэдээллийг үерээс 16 цагийн дараа Мягмар гарагт анх хүлээн авсан байна. Уурхай хууль бус байсан тул албан тушаалтнуудад эрт мэдэгдээгүй гэж албаныхан тайлбарлав. Орон нутгийн уурхайчид болон оршин суугчид эхлээд усыг өөрсдөө шахаж гаргах гэж оролдсон ч нөхцөл байдал хяналтаас гарсан аж. «PT Antam» Лхагва гарагийн шөнө дундын дараахан Жакартагийн хайх, аврах агентлагт албан ёсны мэдэгдэл илгээснээр бүрэн хэмжээний аврах ажиллагаа эхэлжээ.
Одоо 325 аврагч ажиллаж байна. Ухсан нүх нь 100 орчим метр гүн, явах зам нь явцуу. Аврагчид өндөр усны түвшин, харанхуй, хангалтгүй гэрэлтүүлэг, халтиргаатай газартай тулгарч байна. Д.Бахари цооногийн гүн, явцуу нүх, гэрэл багатай байдал хайлтын стратегийг тодорхойлдог, ажилтнуудын аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдана гэж хэлжээ.
Индонезид жижиг хэмжээний, зөвшөөрөлгүй уурхайн осол ихэвчлэн гардаг. Ашигт малтмалын нөөц нь алслагдсан газар байрладаг тул эрх баригчдад хяналт тавихад хэцүү байдаг гэж мэдээлэв.
Эх сурвалж: Al Jazeera (AP, Reuters-ийн мэдээлэлд тулгуурласан), 2026.11.26
