Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорийг хүлээн авч уулзав

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлорийг хүлээн авч уулзан, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “НЗДТГ нь Азийн сантай нягт хамтран ажилладаг уламжлалтай. Тиймдээ ч 2015-2022 онд “Хотын засаглалыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх гээд олон ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан” хэмээн талархал илэрхийлэв.

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сара Тэйлор хамтын ажиллагааны үр дүнд санал нэг байгаагаа илэрхийлээд “Хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа олон салбарт өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн таван улсын таван хотыг хамарсан “Азийн тэсвэртэй хотууд” төслийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд Улаанбаатар хоттой хамтран ажиллана” гэдгийг онцлов.

НЗДТГ, Азийн сантай хамтран хоёр жил тутам зохион байгуулдаг Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумыг энэ оны наймдугаар сард хийхээр төлөвлөөд байна. Энэхүү форум нь Зүүн хойд Азийн бүс нутагт Улаанбаатар хотын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх болон хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Ташрамд, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд усны үнэ цэн, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшмэл хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг Азийн сангаас боловсруулан, Монголын Мянганы сорилтын санд хүлээлгэн өгчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

Сэтгэгдэл нэмэх

reload, if the code cannot be seen