"Луут бөмбөлөг"-ийг бүтээгч Акира Торияама таалал төгсчээ
2024/03/08
"Dragon Ball" буюу монголчуудын хэлж заншсанаар "Луут бөмбөлөг" анимэгийн бүтээгч Акира Торияама 68 насандаа таалал төгсчээ. Тэрээр "Dragon Ball", "Dragon Ball Z", "Dragon Ball Super", "Sand Land" тэргүүтэй хүүхэд, залуусын хайртай цувралуудыг бүтээж, олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байлаа. "Dragon Ball"-ийн албан ёсны цахим хуудас ч түүнд зориулан эмгэнэл илэрхийлжээ.
Акира Торияама нь 1955 онд Японы Аичи мужийн Нагояа хотод мэндэлжээ. Тэрээр анх 1984 онд "Dragon Ball"-ийг дэлхий нийтэд танилцуулж, Гоку болон түүний найзуудын адал явдлыг хүүхэд, залууст хүргэж, бүх цаг үеийн хамгийн шилдэг анимэгийн нэг болгосон билээ. Түүний хувьд саяхныг хүртэл "Dragon Ball"-ийн манга болон "Dragon Ball Super: Super Hero" дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байсан гэнэ.